Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн “Газрын тосны инженерчлэл” хөтөлбөрийн 20 оюутан, 1 багшийн бүрэлдэхүүнтэй баг “Метан Газ Ресурс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү танилцах үйл ажиллагаа нь оюутнуудын сургалтын явцад эзэмшсэн онолын мэдлэгийг үйлдвэрлэлийн бодит үйл ажиллагаатай уялдуулах, мэргэжлийн чиг баримжааг нь хөгжүүлэх, газрын тос болон уламжлалт бус газрын тосны салбарын технологийн онцлог, хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
“Метан Газ Ресурс” ХХК нь Өмнөговь аймгийн Тавантолгойн ордын нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуул, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд оюутнууд тус компанийн үйл ажиллагааны чиглэл, салбарын онцлог, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, мэдлэгээ өргөжүүлэх боломж бүрдлээ.
Сургалт–эрдэм шинжилгээ–үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, оюутнуудыг үйлдвэрлэлийн бодит орчинтой танилцуулах, мэргэжлийн дадлага, туршлага хуримтлуулах боломжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэхэд анхааран ажиллаж байна.
Цаашид уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, оюутнуудын үйлдвэрлэлийн танилцах аялал, мэргэжлийн дадлага болон хамтарсан сургалт, судалгааны ажлыг хөгжүүлэхийг зорьж байна.
Оюутнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцах боломж олгосон “Метан Газ Ресурс” ХХК-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.


