"Коосэн хөтөлбөрийн оюутнууд микроконтроллер ашигласан автомат удирдлагын схем угсрах дадлага хийлээ"
ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн сургуулийн Коосэн хөтөлбөрийн Цахилгааны инженерчлэл мэргэжлийн гуравдугаар ангийн оюутнууд “Цахилгаан ба электроникийн туршилт 3” хичээлийн хүрээнд микроконтроллерт суурилсан автомат удирдлагын төрөл бүрийн схем угсран ажиллуулах дадлага хийж байна.

Уг хичээл нь “Цахилгаан ба электроникийн туршилт 1, 2” хичээлүүдээр эзэмшсэн цахилгаан хэлхээг унших, зурах, угсрах, ажиллуулах, доголдлыг илрүүлж засах чадвар, инженерийн сэтгэлгээ, бүтээлч байдал зэрэг суурь мэдлэг дээр тулгуурлан өргөжин хөгждөг онцлогтой.





Хичээлийн хүрээнд эзэмшиж буй ур чадварууд :
Цахилгаан, электроникийн суурь мэдлэг
Хэлхээний бүтэц, холболт хийх.
Электрон элементүүд (эсэргүүцэл, конденсатор, транзистор, диод)-ийн үүрэг, ашиглалт.
Breadboard дээр туршилтын хэлхээ угсрах, омийн хууль, хүчдэл ба гүйдлийн тооцоолол, аналог ба дижитал дохионы ялгаа.
Роботиксийн ур чадвар :
DC мотор, servo, stepper motor удирдах, робот машин угсарч турших, мэдрэгчийн мэдээлэл дээр үндэслэн автомат шийдвэр гаргах, хөдөлгөөн, чиг баримжаа, зай хэмжилтийн системүүдтэй ажиллах зэрэг ур чадвар багтана.
Мэдрэгчтэй ажиллах чадвар :
Температур, чийгийн мэдрэгч, Хөдөлгөөн илрүүлэгч (PIR), Утаа, хий тодорхойлогч, Ультра дууны зай хэмжигч, Гэрлийн мэдрэгч (LDR), Хийн болон даралтын мэдрэгчүүд зэрэг орно.
Энэхүү хичээлийн үндсэн зорилго нь оюутнуудыг автоматжуулалт, электроник, программчлалын уялдаа холбоог ойлгож, бодит төхөөрөмж дээр турших чадварт сургах юм. Мөн инженерийн сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх ур чадвар, бүтээлч байдал, төсөл боловсруулах төлөвлөлтийг хөгжүүлэхэд чиглэгддэг.

Коосэн хөтөлбөрийн онцлог болох “өөрөө хийж сурах” арга зүйг хэрэгжүүлж буй энэхүү хичээл нь оюутнуудын цаашдын инженерийн мэргэжлийн хөгжилд чухал ач холбогдолтой юм.